info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
Америкт суралцах 5 алхам: АЛХАМ ХОЁР: Бакалаврын түвшний оюутнуудад зориулсан санхүүгийн дэмжлэг

MERIT BASED SCHOLARSHIP буюу академик амжилт, авъяас, ур чадварт тулгуурлаж олгодог тэтгэлэг. Өргөдөл мэдүүлэгчийн дүнгийн голч, шалгалтуудын оноо, олон улсын чанартай олимпиадад оролцсон амжилтанд үндэслэн олгоно. Энэхүү тэтгэлэгийг авсан оюутнууд сургуульдаа ажиллах эсвэл буцаан төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй.

 

NEED BASED SCHOLARSHIP буюу элсэгчийн санхүүгийн хэрэгцээнд үндэслэж олгодог тэтгэлэг. Өргөдөл мэдүүлэгчийн эцэг эхийн орлогын баримт, төлбөр төлөх чадвар болон ихэнх тохиолдолд шалгалтуудын оноо, дүнгийн голчийг харгалздаг.

 

ATHLETIC SCHOLARSHIP буюу спортын тэтгэлэг. Өргөдөл мэдүүлэгчийн спортын авъяас чадварт тулгуурлан олгодог тэтгэлэг. www.ncaa.org болон www.collegecoachesonline.com хаягаар орон ийм төрлийн тэтгэлэг хайх боломжтой.  

 

ОЮУТНЫ ХОТХОНД АЖИЛЛАХ гадаадын оюутнууд сургуулийн хотхондоо долоо хоногт 20 хүртлэх цаг ажиллан цалин авах боломжтой байдаг. Зарим сургуулиуд бүх оюутнуудаа сургуулийн хотхонд ажиллаж сургалтын зардалаа багасгахыг уриалдаг. Америкийн их дээд сургуулийн Гадаад Оюутан Хариуцсан Алба нь гадаад оюутнуудад ажил олж өгөхөд тусалдаг. Ийм төрлийн ажил нь цалин багатай ч оюутны амьжиргаанд нэмэртэй байдаг.

 

COOPERATIVE PROGRAMS буюу хамтарсан хөтөлбөрүүд нь оюутнуудыг 2-р семестрээс эхлэн бүтэн цагаар ажиллан жилийн нэг улиралд мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломж олгодог байна. M-1–ээс бусад төрлийн визний статустай гадаад оюутнууд хамтарсан хөтөлбөрт хамрагдаж сургалтын зардалаа бууруулах боломжтой.

 

ИХ СУРГУУЛИЙН ЗЭЭЛ зээл авсан оюутнууд сургуулиа төгссөний дараа зээлээ эргүүлэн төлөх гэрээ байгуулдаг.

 

ТЭТГЭЛЭГТ ӨРГӨДӨЛ МЭДҮҮЛЭХЭД ЯМАР ШААРДЛАГА ТАВИДАГ ВЭ?

Дараах шаардлагыг хангасан оюутнууд тэтгэлэг авах магадлал өндөр байдаг. Үүнд:

·         Хичээл, сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх (онцсайн дүн, уралдаан тэмцээн зэрэг);

·         TOEFL, SAT гэх мэт элсэлтийн шалгалтын өндөр оноотой;

·         Сургалтын төлбөрөө бүтнээр нь төлөх боломжгүй ч зарим хэсгийг нь хувиасаа төлөх санхүүжилттэй бол тэтгэлэг авах магадлал нэмэгддэг. Бүх зардлыг нь санхүүжүүлэх тэтгэлгийг үнэхээр онцгой цөөн оюутнуудад л олгодог бөгөөд ийм тэтгэлэг авахад өндөр өрсөлдөөнтэй байдаг.   

·         Онцгой авъяас чадвартай эсхүл хичээлээс гадуур төрөл бүрийн үйл ажиллагаа болон нийгэмд тустай сайн үйлсийн ажилд оролцсон түүхтэй;

·         Тодорхойлох захидал нь тухайн оюутны зан чанар, ур чадварыг сайн тодорхойлсон байх;

·         Америкийн нэг сургуулиас нөгөө сургууль руу шилжин суралцах тохиолдолд сүүлийн 2 жилдээ тэтгэлэг авах боломжтой. Сургуулиуд 4 жилийн боловсролд санхүүгийн туслалцаа үзүүлэхээсээ илүү нэг юм уу хоёр жилийн төлбөрийг нь төлөх боломжтой;     

 

2013 оны намрын хичээлийн жилийн тоон үзүүлэлт : эх сурвалж Educationusa, Collegeboard   

 

#

Сургуулийн нэр

Хүлээн авсан өргөдлийн тоо

Тэнцсэн оюутны тоо

Элсэн орсон оюутны тоо

Тэтгэлэг авсан гадаад оюутны тоо

Олгосон дундаж тэтгэлэг

Сургалтын төлбөр

1

Харвард Коллеж

35,023

2,047

1,659

530

57,050 $

52,800 $

2

Тринити Коллеж

7,652

2,432

604

146

59,000 $

51,000 $

3

Чиснат Хилл Коллеж

1,855

1,064

194

36

16,000 $

44,200 $

 

Тэтгэлэг өндөр олгодог Америкийн их дээд сургууль коллежууд нь хангалттай тооны өргөдлийн маягтыг дэлхийн өнцөг бүрээс хүлээн авдаг бөгөөд TOEFL болон SAT–ийн  өндөр оноотой мянга мянган хүүхдүүд өрсөлддөг гэдгийг санаарай. Мөн тэдгээр оюутнуудаас чи юугаараа илүү байж яаж ялгарч чадахаа элсэлтийн комисст харуулах хэрэгтэй. Үүнээс гадна дэлхийн түвшинд нэр нь брэнд болоогүй ч гэсэн тэтгэлэг өндөр олгодог, элсэгчдийн дунд өрсөлдөөн арай бага хэмжээнд байх сургуулиуд олон бий.

 

Америкийн их дээд сургуулиуд тухайн сургуульд өөрийн орны соёл уламжлал үнэт зүйлээ сурталчилж ойлгуулж чадах мөн сургуулийн элсэлтийн шалгуурыг сайтар хангахуйц өргөдөл мэдүүлэгчийг сонгодог.

Тэтгэлэг хэрхэн хайх болон яг одоо зарлагдаж байгаа тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг доорхи сайтуудаас уншаарай.

www.educationusa.state.gov
https://www.educationusa.info/financial-aid
http://www.mycollegescholarship.org/
 

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016