info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
АМЕРИКТ СУРАЛЦАХ 5 АЛХАМ: АЛХАМ ГУРАВ: ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ /БАКАЛАВРЫН ТҮВШИНД/

АНУ-д бакалаврын зэргээр суралцахад бүрдүүлэх өргөдлийн материал

АНУ-д бакалаврын зэргээр суралцах сургуулиа тодорхойлж, зардлаа төсөвлөсний дараагийн алхам бол өргөдлийн багц материалаа бүрдүүлэх ажил юм. Өргөдлийн багц материалыг бүрдүүлэхэд бэлтгэл ажил ихтэй бөгөөд сайн төлөвлөх шаардлагатай байдаг. Энэ бэлтгэл үе шатыг аль болох эрт эхлэвэл танд тустай байх болно.

АНУ-ын сургуулийн өргөдлийн маягтын шаардлага нь сургууль бүрт өөр өөр байдаг бөгөөд 4 жилийн их дээд сургуулийн түгээмэл шаардлагуудыг дурдвал:

·         Боловсролын диплом. Таны бүрэн дунд боловсролын гэрчилгээ, төгсөлтийн дүнгийн хуулбар. Хэрэв сургуулиа хараахан төгсөөгүй бол (төгсөх ангийн намар сургууль руугаа материал явуулдаг) сүүлийн 4 жилийн дүнгийн хуулбар.

·         Элсэлтийн шалгалтын оноо. TOEFL iBT (www.toefl.org) эсвэл IELTS (www.ielts.com), эдгээр тестийн оноо нь таны Англи хэлний түвшинг харуулна. Түүнчлэн зарим сургуулиуд SAT (www.collegeboard.org) эсвэл ACT (www.act.org) шалгалт өгсөн байхыг шаарддаг. Эдгээр шалгалт нь таны сэтгэн бодох, унших, бичих чадварыг их дээд сургуулийн түвшинд шалгана.  Зарим сургуулиуд суралцах чиглэлээсээ хамаараад тодорхой хичээлээр SAT subject test шалгалтыг өгөхийг шаарддаг. Жишээ нь инженерийн чиглэлээр суралцах оюутнууд тооны хичээлээр SAT subject test-ийг өгөх хэрэгтэй болох гэх мэт.

·         Тодорхойлох захидал. Таны сургуулийн захирал, зөвлөх, анги удирдсан багш, хичээлээс бусад арга хэмжээг хариуцсан нийгмийн ажилтан, багийн шүүгч зэрэг хүмүүсээс таны тухай тодорхойлох захидал бичихийг хүсэж болно. Таныг тодорхойлогч нь таны ирээдүйн боловсролын зорилгодоо хүрэхийн тулд ямар ур чадвартай, ажиллаж чадах талаар бичих хэрэгтэй.

·         Эссэ. Өөрийнхөө давуу тал, сонирхолын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулах боломж юм. Ихэвчилэн та өөрийхөө 1-2 үзэл бодол дээр илүү анхаарал хандуулан бичих хэрэгтэй.  Сургуулиуд эссэний сэдэв өгөх нь түгээмэл байдаг.

·         Өргөдлийн маягт. Сургууль бүрийн өргөдлийн маягт өөр байж болох бөгөөд энэ нь таны талаарх товч мэдээллийг асуусан асуулга хэлбэртэй байна. АНУ-ын 500 гаруй сургууль common application (www.commonapp.org) хэмээх өргөдлийн маягтын системийн ашигладаг бөгөөд энэ нь нэг л өргөдлийн маягтын багцыг бүрдүүлэн бүх сургууль руугаа явуулах боломж олгодог.

 

Их дээд сургуулийн элсэлтийн өргөдөл мэдүүлэх үе шатанд ямар сонголт, хуваарь байдагийг та мэддэг үү?

Early Decision. 10-12-р сард ирэх намрын элсэлтэнд урьдчилан өргөдөл гаргах. Хэрэв сургуульд тэнцсэн тохиолдолд элсэн орох үүрэгтэй

Early Action. 10-12-р сард ирэх намрын элсэлтэнд урьдчилан өргөдөл гаргах. Хэрэв сургуульд тэнцсэн тохиолдолд заавал элсэн орохыг шаардахгүй.

Regular Deadline. 12-2-р сард ирэх намрын элсэлтэнд урьдчилан өргөдөл гаргах. Хэрэв сургуульд тэнцсэн тохиолдолд заавал элсэн орохыг шаардахгүй.

Rolling Admissions. Сургуулийн өргөдлийн маягтыг хүлээн авах тухайлсан өдөр байхгүй бөгөөд хичээл эхлэхээс өмнө ямар ч үед өргөдөл мэдүүлж болно. Гэхдээ оюутнууд аль болох эрт өргөдлөө мэдүүлэх нь зөв юм.

 

 

EducationUSA Mongolia төвөөр зөвлөгөө аван Америкт суралцаж байгаа зарим оюутнуудын зөвлөмжөөс хуваалцаж байна.

Элсэлтийн шалгалтанд бэлтгэх талаар:

Т.Машбаяр /Stanford University/: Хэдэн сарын өмнөөс бэлтгэлээ эхлээд, 7 хоногт багадаа 1 дадлага тест хийвэл зүгээр байдаг. Ном их уншиж, эссэ, богино өгүүллэг гэх мэт ямарч хамаагүй юм бичиж үзэж байвал сайн. Шалгалтын өмнөх өдөр сайн унтаж амрах хэрэгтэй. Хичнээн сандарсан ч бэлдсэн л бол толгойд юм байгаа гэж бодох хэрэгтэй.

 

Х.Номин /Brown University/: SAT шалгалтыг өгөхөд дадлага тест их сайн хийвэл үр дүнтэй байх болов уу. Миний хувьд юундаа их анхаарч бэлдэх хэрэгтэй вэ гэдгээ мэдээд тэрнийхээ жишээ юмуу дадлага тестүүдийг их сайн хийж бэлдсэн. Тэгээд  7 хоногт ядаж 1 удаа ч болов SAT шалгалтыг цаг харж байгаад өөрийгөө сорих хэрэгтэй. Ингэж байж үр дүнтэй бэлдэнэ. TOEFL шалгалт өгөх гэж байгаа бол компьютер дээр сайн бэлдэх хэрэгтэй. Хүмүүстэй аль болох англиар ярихыг оролдож, англи кино үзэж сонсголоо сайжруулах, ном унших, бичих чадвараа сайжруулах тал дээр илүү бэлдэж байсан.

Б.Золбоо /Concordia College/: Миний хувьд дадлага тестүүд хийгээд байвал сайжирна. Анхаарал сарниулахгүй нам гүм орчинд бэлдвэл сайн. Мөн залхуурч ерөөсөө болохгүй. Зун бэлдвэл илүү тохиромжтой. Яагаад гэвэл өдөржин зав зайтай байдаг болохоор.

 

Өргөдлийн материал бүрдүүлэх тухай:

Т.Машбаяр:  Эртнээс багшийн тодорхойлолт, дүнгээ авах хэрэгтэй. Завгүй эсвэл мартсан тохиолдолд цаг хэт тулгаж яарах тохиолдол бий.

 

Б.Золбоо: Олон сургууль руу элсэлтийн өргөдлийн маягт явуулж байгаа болохоор толгой эргэдэг юм байна лээ. Мөн зохион бичлэг бичих гэж нилээн шөнө нойргүй хоносон, цагийг нь тулгасан байсан болохоор жаахан хүндрэлтэй байсан. Ер нь цагийг нь тулгаж болдоггүй юм байна лээ.

  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016