info@earcmn.org
976-11-319016
Хэл сонгох : ENG
АМЕРИКТ СУРАЛЦАХ 5 АЛХАМ: АЛХАМ ДӨРӨВ:Оюутны визний өргөдөл хэрхэн мэдүүлэх вэ?
Оюутны визний өргөдөл хэрхэн мэдүүлэх вэ?
 
Энэ дугаартаа АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцах хүсэлтэй оюутан залуучуудад зориулан АНУ-ын оюутны визэнд хэрхэн өргөдөл мэдүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар товч мэдээлэл өгөхийг зорилоо. 
 
Юуны түрүүнд АНУ-ын оюутны визанд өргөдөл мэдүүлэхэд тавигдах шаардлагатай сайн танилцаж, визний материал бэлтгэхэд хангалттай цаг гаргах хэрэгтэй. Визний үйл явц эхлэхээс өмнө АНУ-ын ямар нэгэн сургуульд тэнцсэн байх ёстой бөгөөд тэнцсэн тохиолдолд тухайн сургууль нь I-20 эсвэл DS-2019 маягтыг оюутанд илгээнэ. 
 
Оюутны визны гурван төрөл байдаг: 
F-1 Оюутны виз. АНУ-д суралцахаар явж байгаа дийлэнх оюутанд энэ визийг олгодог. Энэ визны төрөл нь АНУ-д магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежид бакалавр, магистр болон докторын зэргээр эсвэл англи хэлний сургалтанд суралцах хүсэлтэй оюутнуудад олгодог.
J-1 Солилцооны виз. Дунд сургууль болон их дээд сургууль, коллежийн солилцооны хөтөлбөрт оролцох хүмүүст зориулсан виз.
M-1 Оюутны виз. Мэргэжлийн сургалтанд хамрагдах хүмүүст зориулсан виз.
 
Оюутны виз мэдүүлэхэд дараах бэлтгэлийг хангасан байх хэрэгтэй:
АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллеж, англи хэлний сургалтын институтаас I-20 эсвэл DS-2019 маягтыг хүлээн авсан байх (тус маягт нь тухайн сургуульд элссэнийг баталгаажуулсан бичиг баримт юм);
DS-160 буюу цагаачлалын бус визний цахим өргөдөл бөглөх;
Визний хураамж болох 160 америк доллартай тэнцэх төгрөгийг банкинд тушаасан байх;
Ярилцлагын цаг товлох. 
 
Шаардлагатай бичиг баримт дотор дараах зүйлс орно:
Гадаад паспорт – сургалтын хугацаа дууссанаас хойш дор хаяж зургаан сарын хугацаанд хүчинтэй байх ёстой; 
DS-160 цахим өргөдлийн баталгааны хуудас;
I-20 эсвэл DS-2019 маягт;
Визний хураамж төлсөн баримт;
5см x 5см хэмжээтэй 2 хувь зураг;
Ярилцлагын цаг товлосон баталгааны хуудас;
SEVIS-н хураамж төлсөн баримт (энэ талаар доор мэдээлэл оруулсан байгаа) 
 
АНУ-ын оюутны визийг АНУ-ын ЭСЯ болон Консулын газраар дамжуулан олгодог бөгөөд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй:
Виз нь АНУ-д нэвтрэн орох баталгаа болохгүй,
Виз нь гадаадын иргэнд АНУ руу нэвтрэн орох эрх олгох бөгөөд АНУ руу нэвтрэн орох зөвшөөрлийг АНУ-ын гаалийн ажилтнаас авдаг.
 
Хэрэв АНУ-д суралцах хүсэлтэй оюутан нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн бол сургалтын хөтөлбөр эхлэх хугацаанаас 120 хоногийн өмнө виз мэдүүлж болдог бөгөөд авсны дараагаар хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө АНУ руу зорчихийг зөвлөдөг. Хэрэв суралцагч нь 30 хоногоос дээш хугацааны өмнө АНУ руу явах хүсэлтэй байвал визний төрөл нь өөрчлөгдөж (F, J, M төрлөөс B (жуулчин/бизнес) төрөл болж өөрчлөгдөнө), дараа нь хичээл эхлэхээс өмнө эргээд оюутны виз болгон өөрчилж батлуулахад нилээдгүй хугацаа шаардагддаг.
 
Сургуулиа төгссөний дараагаар F болон M визатай бүх оюутнууд OPT (Optional Practical Training) буюу суралцсан мэргэжлийнхээ дагуу нэг жилийн хугацаанд ажлын дадлага хийх боломжтой байдаг. Тус ажлын зөвшөөрлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албанаас авдаг.
 
Гэр бүлтэйгээ явах тохиолдолд
Магистр, докторын зэргийн ихэнх оюутнууд гэр бүлтэйгээ АНУ руу явдаг. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүд тус бүрдээ F-2, M-2 эсвэл J-2 төрлийн визанд өргөдөл мэдүүлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд F-1, M-1 эсвэл J-1 оюутан нь тэнцсэн сургуулиасаа гэр бүлийн гишүүн тус бүртээ I-20 эсвэл DS-2019 маягтыг авч визанд оруулна. Түүнчлэн гэр бүлийг батлах гэрлэлтийн баталгаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтын хуулбарыг өгөх хэрэгтэй болно. 
 
АНУ-ын оюутны визтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авч болно:
www.educationusa.state.gov 
www.ustraveldocs.com/mn_mn 
mongolian.mongolia.usembassy.gov/student_visa.html
www.travel.state.gov/content/visas/english/study-exchange.html
 
SEVIS (Student and Exchange Visitor Information System) www.ice.gov/sevis
SEVIS нь АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал Хариуцсан Албаны ашигладаг цахим систем юм. Тус системийг АНУ-д суралцахаар очсон F, M болон J төрлийн визтэй оюутнуудын мэдээллийг хадгалахын зэрэгцээ АНУ-ын их дээд сургууль, коллежийн мэдээллийг хадгалж хянадаг байна. АНУ руу боловсрол соёлын шугамаар суралцахаар явж буй сая гаран оюутан, мэргэжилтнүүдийн мэдээллийг нэгэн системд багтаан хадгалснаар тус улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чухал хэрэгсэл болдог юм байна.
 
Тиймээс АНУ руу суралцахаар явж байгаа оюутан болгон тус системд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхийн тулд оюутны гар дээр тэнцсэн сургуулийн I-20 эсвэл DS-2019 маягт болон олон улсын төлбөрийн карт (VISA, MasterCard гэх мэт) байх ёстой бөгөөд https://www.fmjfee.com хаягаар орж мэдээлэл оруулна. Мэдээлэл оруулсны дараагаар SEVIS-н төлбөр болох 200 америк долларыг төлж бүртгэлээ баталгаажуулна. 
 
 
АНУ-д суралцаж байгаа гадаад оюутнуудын талаарх сонирхолтой тоон мэдээллийг хүргэе (2014 оны 10-р сарын байдлаар):
АНУ-д F болон M төрлийн визтай 1.11 сая оюутнууд суралцаж байна
J-1 визтай 200,782 солилцооны оюутнууд суралцаж байна
Гадаадын оюутан элсүүлэх зөвшөөрөлтэй 8,988 их дээд сургууль, коллеж болон сургалтын төвүүд АНУ-д үйл ажиллагаагаа явуулж байна
Дээрх зөвшөөрөлтэй сургуулиудын 77%-д нь F болон M визтай 50 болон түүнээс доошгүй оюутнууд суралцаж байна
АНУ-д суралцаж байгаа нийт гадаад оюутнуудын 73% нь бакалавр, магистр эсвэл докторын зэргээр суралцаж байна
396,607 оюутнууд STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн чиглэлээр суралцаж байна
STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер болон математикийн чиглэлээр суралцаж буй нийт гадаад оюутнуудын 69% нь эрэгтэй оюутнууд байна
 
Дээрх тоон баримтыг 2013 оны 10-р сарын тоотой харьцуулахад АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудын тоо есөн хувиар өссөн байна. Нийт суралцагчдын түгээмэл мэргэжлээс дурьдвал бизнес, менежмент, маркетинг, инженер болон компьютер орж байна.   
 
  • Facebook
  • Twitter
© 2014 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв. Системийг АЙ ТИ СОЛУШИНС хөгжүүлэв
Онлайн Туслах
E-mail

319016