Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн(Соросын сан)-гийн боловсролын хөтөлбөрүүдийн нэг бөгөөд гадаадад суралцах хөтөлбөрийг залгамжлан 2003 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг, дотоодын ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн гол зорилго нь гадаад болон дотоодод боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг нийслэл болон орон нутгийн оюутан залуус, олон нийтэд хүргэх, боловсролын байгууллага, хувь хүмүүсийн хооронд харилцааны гүүр болох улмаар бусад улс орны соёлын талаарх олон талт мэдлэгийг дэмжихэд оршино.
2006 – 2016 Access to Microscholarship АНУ-ын төрийн депармтентын санхүүжилтээр Улаанбаатар, Дорнод, Ховдын захын гэр хороололын дунд сургуулийн сурлага сайтай, орлого багатай өрхийн 9 дүгээр ангийн 600 сурагчдыг 2 жилийн хугацаатай Англи хэлний сургалтанд тэтгэлэгээр хамруулсан. … Төгсөгчид АНУ, БНХАУ, Болгар, ОХУ, Турк, Япон, зэрэг орнуудад бакалавр болон магистр зэргээ хамгаалсан байна.
2006 оноос USAP буюу АНУ-ын их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж 42 сурагчид АНУ-ын Харвард, Стэнфорд, Корнелл, Браун, Вассар зэрэг их дээд сургуулиас 60-100% тэтгэлэг хүртэж бакалавр зэргээр суралцсан байна.
2014 оноос эхлэн олон улсын боловсролын үзэсгэлэн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан ба дэлхийн 14 орны 140 их дээд сургуулийн элсэлтийн албаны төлөөлөгчид хүүхэд залуучуудтай биечлэн уулзаж, бакалавр магистрын хөтөлбөрийнхөө элсэлтийн журам, тэтгэлэгийн шаардлага, эссэний талаар
зөвлөмж өгчээ.
2015 оноос Нээлттэй Нийгэм Хүрээлэн, UNESCO, Оюу толгой компани, Нээлттэй Нийгэм форумын дэмжлэгтэйгээр үе тэнгийн дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх төслийг нийслэлийн 6 дүүргийн 32 дунд сургуульд хэрэгжүүлсэн. 1200 сурагчдаас судалгаа авч, 300 багш нарт сургалт орсон. 2019 – 2020 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 3 дунд сургуульд Туршилгад суурилсан мэргэжил сонголт хөтөлбөрийг хэрэгжүүлж 45 сурагчид хамрагдсан.